Номыг унших нь

Тэнгэрт нисэж, Дэлхийг тойрч, Далайд хөвөх мэт...

Номын сангийн үлгэрчилсэн дүрэм

ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ

                                                                    Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 

                                                                          2007 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн

                                                                      415 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт

 

АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САНГИЙН ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Аймаг, нийслэлийн нийтийн номын сан нь /цаашид "Нийтийн номын сан" гэнэ/ бие даасан үйл ажиллагаатай, иргэдэд ном, хэвлэл мэдээллээр үйлчлэх, мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд нь туслах үүрэг бүхий орон нутгийн төрийн өмчийн соёлын байгууллага мөн.

1.2. Нийтийн номын сан нь Монгол улсын хууль, тогтоомж, төр засгийн бодлого, шийдвэр, дүрэм, журам, зааврыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон тухайн орон нутгийн төрийн захиргааны байгууллагын удирдлагаар ажиллана.

1.3. Нийтийн номын сангийн захирлыг Төрийн албаны хууль, Соёлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2-д заасны дагуу аймаг, нийслэлийн Засаг дарга сонгон шалгаруулж томилох ба чөлөөлнө.

1.4. Нийтийн номын сан нь зохих журмын дагуу хийсэн албан бичгийн хэвлэмэл хуудас, тамга тэмдэгтэй байна.

1.5. Энэхүү үлгэрчилсэн дүрмийг үндэслэн нийтийн номын сан нь өөрийн онцлогт нийцүүлэн номын сангийн дүрэм, уншигч хэрэглэгчдэд үйлчлэх үйлчилгээний дотоод журам боловсруулан мөрдөж ажиллана.

1.6. Нийтийн номын сан нь Хөдөлмөрийн дотоод журамтай байна. Журмыг номын  сангийн захирлын тушаалаар батална.

1.7. Нийтийн номын сангийн захирал нь аймаг, нийслэлийн Засаг даргатай гэрээ байгуулж ажиллана.

Хоёр. Нийтийн номын сангийн удирдлага, зохион байгуулалт

2.1. Нийтийн номын сан нь тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй номын санг харьяалалыг нь үл харгалзан мэргэжил арга зүйн удирдлага, мэдээллээр хангах нээлттэй төв байна.

2.2. Аймаг, нийслэлийн нийтийн номын сан нь дэргэдээ уншлага үйлчилгээний чанарыг сайжруулах, хүрээ хүртээмжийг нэмэгдүүлэхэд олон нийтийн дэмжлэгийг авах, тэдний зүгээс номын сангийн үйл ажиллагаанд тавих хяналтыг өргөжүүлэх зорилгоор соёл, боловсрол, хүүхэд, залуучуудын болон олон нийтийн байгууллага, иргэдийн төлөөлөл бүхий орон тооны бус "Номын сангийн зөвлөл" ажиллуулж болно.

2.3. Аймаг, нийслэлийн Засаг дарга нь тухайн нутаг дэвсгэрийн нийтийн номын санг ном, хэвлэлийн бүтээгдэхүүн, хэвлэмэл бус  материалаар байнга баяжуулах, номын сангийн үйлчилгээнд шаардлагатай орчин үеийн дэвшилтэт техник, технологи, тоног төхөөрөмж болон зориулалтын байраар хангана.

2.4. Нийтийн номын сангийн ажилтан, ажиллагсдыг ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлагын дагуу сонгон нийтийн номын сангийн захирлын тушаалаар томилох ба чөлөөлнө.

2.5. Нийтийн номын сан нь ажлын тайланг жил бүр аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон Монгол улсын Үндэсний номын санд ирүүлнэ.

Гурав. Нийтийн номын сангийн  эрх, үүрэг

3.1. Нийтийн номын сангийн удирдлага нь дор дурдсан эрхтэй:

3.1.1. Батлагдсан төсөв хөрөнгийг номын сангийн захирал нь зориулалтын дагуу  захиран зарцуулна.

3.1.2. Мөрдөж буй хууль эрхийн актыг үндэслэн номын сангийн хэрэгцээнээс илүү ном хэвлэлийг худалдах, солилцох, утга агуулга, эдэлгээний улмаас хуучирсан ном, хэвлэлийг хасч фондын эргэлтийг сайжруулна.

3.1.3. Нийтийн номын сангийн эрх ашгийн үүднээс шинжлэх ухаан үйлдвэрлэл, аж ахуйн үйл ажиллагаа үзүүлж байгаа хуулийн этгээдтэй зохих гэрээ байгуулан хамтран ажиллана.

3.1.4. Олон улсын номын сангийн холбооны гишүүнээр элсэх, үйл ажиллагаанд нь оролцох, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага судална.

3.1.5. Холбогдох хууль, дүрэм, зааврын дагуу бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээнээс гадна өөрийн үйл ажиллагаанаас орлого олж болно.

3.2. Нийтийн номын сангийн удирдлага нь дор дурдсан үүрэгтэй:

3.2.1. Нийтийн номын сан нь Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль бусад хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор өөрийн үйл ажиллагаанд даган мөрдөх дүрэм, журмыг батлах, мэргэжлийн ур чадвар бүхий хүний нөөцийг бүрдүүлж үйлчилгээний өндөр түвшинд үйл ажиллагаа явуулна.

3.2.2. Монгол Улсын түүх, соёлын үнэт ховор дурсгал болох хуучин ном судар, гар бичмэлийг орон нутгаасаа сурвалжлан олох, нөхөн бүрдүүлэх, олон нийтэд сурталчлах, хадгалах, хамгаалах хэвийн нөхцлийг хангаж ажиллана.

3.2.3. Номын сан, ном зүйн мэдээллийг автоматжуулах, үйл ажиллагаандаа орчин үеийн техник, технологийг нэвтрүүлж, электрон мэдээллийн санг бий болгоно.

3.2.4. Харьяалагдах номын сангуудыг мэргэжил аргазүйн удирдлагаар хангах, номын сангийн холбогдолтой  аргачлал, заавар, зөвлөмж боловсруулж бэлтгэх, сургалт, семинар зохион байгуулж номын санчдын мэргэжил боловсролыг дээшлүүлнэ.

3.2.5. Сан хөмрөгийн ном, хэвлэл, мэдээллийг зохих журмын дагуу уншигч, хэрэглэгчдэд ашиглуулах, тухайн нутаг дэвсгэрийн хүн амыг үйлчилгээндээ өргөн хамруулж, каталог, картын сан, электрон мэдээллийн тусламжтайгаар байгууллага, иргэдэд төрөл бүрийн лавлагаа, мэдээллээр үйлчилнэ.

3.2.6. Ном хэвлэлийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах ажлыг холбогдох стандартын дагуу хангаж ажиллана.

3.2.7. Номын сангийн материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчин бэлтгэх, номын сангийн үйлчилгээг боловсронгуй болгоход чиглэгдсэн  төлөвлөгөө боловсруулж, орон нутгийн ойрын болон хэтийн төлөвлөгөөнд тусгуулж ажиллана.

3.2.8. Нийтийн номын сан нь номын сан хоорондын ном солилцох гэрээ байгуулан, өөрийн фондод байхгүй ном хэвлэлийг солилцож уншигчдад үйлчлэхийн зэрэгцээ алслагдсан сум, дүүрэг, цэгт нүүдлийн номын сангаар үйлчилгээ үзүүлнэ.

3.2.9. Нүүдэлчдийн соёл иргэншил, ёс заншил, уламжлалыг сэргээн хөгжүүлэх, эх хэл бичиг, түүх соёлоо дэлгэрүүлэн сурталчлах олон нийтийн ажлыг зохион байгуулна.

3.2.10. Олон улсын болон төрийн бус байгууллагаас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрт хамрагдах, хамтран ажиллах замаар номын сангийн үйл ажиллагааг боловсронгуй болгоно.

Дөрөв. Нийтийн номын сангийн  уншигчийн эрх, үүрэг

4.1. Нийтийн номын сангийн уншигч нь дор дурдсан эрхтэй:

4.1.1. Иргэд нь орон нутгийнхаа нийтийн номын санд үйлчлүүлэх;

4.1.2. Уншигч нь тухайн номын сангийн дотоод дүрэм, журмын дагуу фондоос ном хэвлэлийг тодорхой хугацаагаар гэрээр авах ба хуулбар хийлгэх;

4.1.3. Номын сангаас зохиож буй соёл, олон нийтийн ажилд оролцох, номын сангийн үйлчилгээний талаар санал оруулах;

4.1.4. Орон нутагт томилолтоор ажиллаж буй хүмүүс зөвхөн уншлагын танхимаар үйлчлүүлэх;

4.2. Нийтийн номын сангийн уншигч нь дор дурдсан үүрэгтэй:

4.2.1. Уншигч нь тухайн номын сангийн дотоод дүрэм, журмын дагуу үйлчлүүлэх;

4.2.2. Номын сангийн ном, хэвлэл, хэвлэмэл бус материалыг гэмтээх ба үрэгдүүлбэл "Алдагдсан буюу гэмтээгдсэн ном, хэвлэлийг төлүүлэх журам"-ын дагуу төлж номын санг хохиролгүй болгох;

Тав. Нийтийн номын сангийн санхүү, төсөв, эд хөрөнгө

5.1. Номын сан нь  дараах  эх үүсвэрээр санхүүжинэ:

5.1.1. Улсын төсөв;

5.1.2. Өөрийн үйл ажиллагааны орлого;

5.1.3. Гадаад, дотоодын байгууллага иргэдийн хандив, тусламж бусад төсөл, хөтөлбөр;

5.2. Нийтийн номын сан нь гар бичмэл, ном, хэвлэл, хэвлэмэл бус материал болон шаардлагатай техник, тоног төхөөрөмж, эд хогшил худалдан авахад зориулсан төсөвтэй байна.

5.3. Нийтийн номын сан нь "Номын сангийн орчны нөхцөл, үйл ажиллагаанд тавих шаардлага" /MNS 5742:2007/-д заасан зориулалтын  барилга байгууламж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж бусад эд материал, гар бичмэл, барын ном, хэвлэмэл ба хэвлэмэл бус материал зэрэг эд хөрөнгөтэй байна.