Номыг унших нь

Тэнгэрт нисэж, Дэлхийг тойрч, Далайд хөвөх мэт...

Мэдээ мэдээлэл

Шинэ мэдээ

"Аавдаа, ахдаа захидал бичээрэй" уралдааны дунд ангийн төрөлд Тэргүүн байр эзэлсэн Дашбалбар сумын ЕБС-ийн 8а ангийн сурагч А. Уранжаргалын "Миний аав" захидлыг хүргэж байна. 
                                                                                                 "Миний аав"
Сайн байна уу ааваа. Танд энэхүү захидал очиж буй гэгээн өдрийн мэнд хүргэе. Би таныхаа хайртай охин болж төрсөндөө өөрийгөө энэ дэлхийн хамгийн азтай охин гэж боддог. Саад бэрхшээлээр дүүрэн алаг дэлхийд хөл тавьж буй охиндоо амьдралын хатуу хөчүү, баяр баясал, уйтгар гуниг, зовлон жаргалыг өдөр хоног минут хором бүхэнд ухааруулж ойлгуулдаг ааваараа охин үр чинь маш их бахархдаг шүү.
Шат шатаар өгсөх нарт хорвоогийн хүнд хэцүү саад бэрхшээлд бүдрэхэд инээмсэглэн гараас минь атган чи чадна гэсэн үгээр урам зориг өгдөг тэр нэгэн мундаг аав минь та юм шүү. Хааяа нэг сэтгэл сэргээн шимийн архи уун ангид минь ороход ааваасаа нүүр буруулан ичсэн охин нь үгийн муухайг хэлэн таныгаа хөөн явуулахад толгойгоо гудайлгаж намган гунхан цааш алхахдаа түр хэсэгхэн зогссон надруу нэг аяархан харснаа.
Охин минь аавыгаа уучлаарай гэх дөлгөөхөн харцаар утсыг хөндөх мэт уярангуй бас бодлогошронгуй санагдана. Яг л энэхэн торгон агуйнд хүнийг хайрлах ямар байдгийг танаасаа ухаарал авлаа. Өдий олон жил таньтайгаа хамт амьдарсан мөртлөө ганц ч удаа ааваа баярлалаа, хайртай шүү гэж нэг ч удаа хэлж байгаагүйд минь уучлаарай.
Өрөвчхөн сэтгэлийг тань мартагнаж өөдөөс тань хэдэн хатуу үг зөрөхдөө өөдгүй бодлогогүй явж охин үр тань. Үнийг нь дийлэхгүй зүйлрүү сарвайж аавыгаа зовоож байсан өдрүүд олон бий. Нар салхинд боролсон гарыг тань харахдаа өмнө нь хийсэн бүх гэмээ ухаарч явна. Бодлогогүй санаагүй нэг хоёр үг зөрөвч, бодоогүй санаагүй нэг өдөрч байхгүй шүү. Одоо ингэж бодохнээ нарт хорвоогийн жаргалыг та минь надад амсуулдаг байж. Насны ганцхан аавыгаа мөн ч их олон удаа зовоон гомдоожээ. Ааваа танаараа охин нь үнэхээр их бахархаж баярлаж явдаг шүү. Охин үрийнхээ тэнэгхэн, бодлогогүй явсанд минь бурхан аав минь намайгаа өршөө. Буурал их хайраар давтан дахин уучил. Охин нь тандаа тэнгэрт гялалзах одоос их хайртай. 
Алдаж эндэх мөчид минь
Аавын минь нэр сэвтэнэ
Анзаарч хайрлаж алдаагүй явахад
Алаг хорвоо эргүүлж авчихна
Ганц л амьдрах насандаа 
Аавыгаа л хайрлаж амьдрая
Дуурсагдах он жилүүдэд нэрийг нь өндөрт өргөе.

Хүндэтгэсэн охин: Ариунжаргал Аав Алтантулгадаа