Номыг унших нь

Тэнгэрт нисэж, Дэлхийг тойрч, Далайд хөвөх мэт...

Мэдээ мэдээлэл

"Номтой өглөө" номын хэлэлцүүлэг, уулзалт.

"НОМТОЙ ӨГЛӨӨ" ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Дорнод аймгийн Төв номын сан, Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран "Орон нутгийн залуучуудад оюуны хөрөнгө оруулалт хийх, олон нийтэд ном унших сонирхлыг нэмэгдүүлэх, нөлөөлөх, эртэч зан үйлийг төлөвшүүлэх замаар залуучуудын чөлөөт цагийг үр бүтээлтэй, зөв боловсон өнгөрүүлэх" зорилгоор тус уулзалтыг зохион байгуулж байна.

 

Энэ удаагийн уулзалтад Аймгийн Төв номын сангийн захирал Ж. Цагаан, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Э. Жавхлан нар оролцож нийт оролцогчдод номтой нөхөрлөх, эртэч зан үйлд нэгдэн хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, амжилт хүслээ. 
Дорнодчууд эртэч гэдгээ батлан бидний өнөөдрийн анхны уулзалтад өглөөний 06:30 минуттай уралдан ном сонирхогч өсвөр үе, хүүхэд, залуучуудаас эхлээд ахмадууд нийт 55 хүн хүрэлцэн ирсэнд талархалтай байна.

Түүнчлэн БШУСЯамны харъяа Боловсролын хүрээлэнгийн тэргүүлэх ажилтан, сурган хүмүүжүүлэх ухааны доктор Д. Баттогтох оролцож, өсвөр үе, залуучуудын оюунд томоохон хөрөнгө оруулалт хийх ийм сайхан үйл ажиллагааг эхлүүлж буйд саашаалтай байгаагаа илэрхийлэн, ном унших, түүнээс олж авах арвин ач тусын талаарх сэтгэгдлээ хуваалцан дараагийн уулзалтаар залуучууд маань Монголын нууц товчоог уншиж, хэлэлцэх хүсэлтийг тавьсаны дагуу БИД дараагийн уулзалтаа Монголын соёлын анхдагчид тооцогдох бичгийн дурсгал "Монголын нууц товчоо"-гоо уншин хэлэлцэхээр боллоо. 
Энэ удаагийн уулзалтаар "Аз хур" номын дэлгүүрийн менежер Б. Хонгорзул, Happy life ТББ-ын тэргүүн н. Эрдэнэ-Очир, УЦУОШГ-ын мэргэжилтэн Б. Солонго нар өөрсдийн уншсан номын утга, агуулгыг уулзалтад оролцогчдодоо танилцуулж, хэлэлцлээ. Мөн энэ үеэр "Аз хур" номын дэлгүүрийн менежер Б. Хонгорзул БИДНИЙ номын аянд амжилт хүсч Монголын нууц товчоог дурсгал болголоо.

Дараагийн уулзалт 2018 оны 04 дүгээр сарын 20-ний өглөө 06.30-07.50 цагийн хооронд Аймгийн Төв номын сангийн Засаг даргын нэрэмжит "Эрдэм шинжилгээний танхим"-д зохион байгуулагдах ба оролцогч ТА бүхэн "МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО"- г уншиж, судлаад хүрэлцэн ирэхийг хүсье.

Уулзалтын талаарх мэдээллийг Аймгийн Төв номын сангийн нээлттэй утас: 7058-4259 болон 99089918, 90115059, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын нээлттэй утас: 7058-4455 болон 99575721, 90108119, 88124060 дугаараас тодруулаарай.
НОМЫН ЦАГААН БУЯН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.