Номыг унших нь

Тэнгэрт нисэж, Дэлхийг тойрч, Далайд хөвөх мэт...

Мэдээ мэдээлэл

"Болор цом-34" яруу найргийн наадам

“Болор цом-34” яруу найргийн наадам Дорнод аймагт зохион байгуулагдлаа. Монголын яруу найргийн сонгодог төлөөлөл болсон Данзангийн Нямсүрэнгийн нэрэмжит болж зохиогдсоноороо энэ жилийн наадам онцлогтой байв. “Болор цом” наадам дүнгээ гаргаж тэргүүн найрагчаар Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул яруу найрагч Борхүүгийн Батсайхан тодорсон байна. Тэрбээр хоёр мянгаад оны эхэн үед шүлэг уран бүтээлээ туурвиж эхэлсэн бөгөөд гурван жилийн өмнө Өвөрхангай аймагт зохиогдсон “Болор цом” наадамд гуравдугаар байрын шагнал хүртэж байжээ. Энэ жилийн наадмын хоёрдугаар байрт “Болор цом”-ын эзэн Арлааны Эрдэнэ-Очир, гуравдугаар байрт залуу шүлэгч Ч. Ууганбаяр шалгарсан бол яруу найрагч Д.Гансүрэн, яруу найрагч Ч.Уянсүх нар тусгай байруудыг тус тус эзэлсэн байна. Энэ удаагийн “Болор цом”-ын шүүгчээр Д.Нямсүрэн найрагчийн шавь Д. Ган-Очир, утга зохиол судлаач Ү. Хүрэлбаатар, МЗЭ-ийн ТУЗ-ын даргын үүрэг гүйцэтгэгч, яруу найрагч Б. Галсансүх нар ажиллажээ.